Архангай аймгийн Жаргалант сумын Ажилсаг тав бүлгийн ахлагч Б. ЭРДЭНЭЧИМЭГ

“ИРГЭНИЙ НИЙГМИЙГ БЭХЖҮҮЛСНЭЭР ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ИДЭВХИЖҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛ

Сум орон нутгийнхаа эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлыгярьж тэднийг хөгжүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулан ажиллах хүсэл эрмэлзэлтэй болсон нь миний амьдралын томоохон өөрчлөлт юм. Намайг Эрдэнэчимэг гэдэг. 32 настай. Би 2016 онд автын осолд орж нөхөр нас барж би өөрөө маш их хүндээр бэртэж 0-8 насны 4 хүүхэдтэй өрх толгойлсон хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй болсон. Босож чадахгүй байнгын асаргаатай гэнэтийн цочролоос болж сэтгэл гутралд орж хүнд хэцүү цаг үеийг үр хүүхдүүдээ бодон даван туулж байсан. Энэ хугацаанд амьдралын идэвхгүй ажилгүй, өөрийгөө өрөвдсөн он жилүүдийг өнгөрүүлсэн.

Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг өрх толгойлсон эмэгтэйчүүдийн Жаргалант ирээдүй урагшаа ТББ байдаг гэдгийг хүнээс олж сонссон. ТББ-ын үйл ажиллагаанд ганц нэг удаа оролцож үзээд сэтгэл хангалуун байсан. 2021 онд Тэгш тусгал ТББ-ын төслийн хүрээнд манай суманд дэмжих бүлэг байгуулагдаж өөрөө хүсэлт гарган төслийн шаардлагад нийцэж байсан учраас гишүүнээр сонгогдож бүлгийн ахлагч болсон. Төслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож сумаас аймгийн төвд анх удаа сургалтад сууж эхлэхэд би өөрийн үзэл бодлоо илэрхийлж чаддаггүй, бусадтай харилцахдаа тааруу, дуугүй ноомой байсан.

Бүлэгт хамрагдсанаар эрхийн болон оролцооны сургалтад үе шаттай хамрагдаж үйл ажиллагаанд оролцож өөрийгөө илэрхийлэх чадвартай болж сэтгэл санаа өөдрөг болсон. Мөн өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй багаар ажиллах чадварт суралцаж сум орон нутгийнхаа эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлыг ярьж тэднийг хөгжүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулан ажиллах хүсэл эрмэлзэлтэй болсон нь миний амьдралын томоохон өөрчлөлт юм.