Монгол дохионы хэлний ажилтан М.ГАНБААТАР

“МОНГОЛЫН СОНСГОЛГҮЙ ИРГЭДИЙН ХЭЛНИЙ АДИЛСЛЫГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСӨЛ

Монгол дохионы хэлний ажилтан М.Ганбаатарын сэтгэгдэл:

Би бага наснаасаа дохионы хэлэнд маш их дуртай бүр хайртай байсан гэж хэлж болно. 2015 онд Финланд улсын мэргэжилтэн Артту монголд ирээд дохионы хэлний судалгаа хэрхэн хийх тухай сургалт зохион байгуулсан юм. Би тэр үед сурсан зүйлээ үйл хэрэг болгож чадаагүй явсаар 2021 онд “Тэгш тусгал” ТББ-аас зарласан төслийн ажлын зарын дагуу хүсэлт илгээж, шаардлагуудын дагуу өрсөлдөн, монгол дохионы хэлний ажилтан болсон. 

Би өөрийгөө өмнө нь монгол дохионы хэлний талаар өргөн мэдлэг ойлголттой гэж дүгнэдэг байсан. Гэвч Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх төсөлд ажиллаж, монгол дохионы хэлээ судлах хугацаанд монгол дохионы хэл нь илүү өргөн судлагдах, хэл шинжлэл болохыг ухаарсан. Мөн монгол цагаан толгойн хурууны үсгийн дагуу үгийг дохиожуулах нь хэмээн бодож, хурууны үсгийн хэлбэрийн дагуу үгийг дохиожуулж, дохио зохиож ажилладаг байсан бол үгийг дохиожуулах бус сонсголгүй иргэд өргөнөөр хэрэглэдэг, тэдний ахуй амьдралаас урган гарсан арвин их нөөц баялагтай монгол дохионы дохионы хэлийг судалж, дохиог үгжүүлэх нь чухал гэдгийг олж мэдсэн.

Монгол дохионы хэл нь маш баялаг, өргөн утга, агуулга бүхий бие даасан хэл бөгөөд гадаад улс орны дохионы хэлний нөлөө багатай, монгол үндэсний ёс уламжлал, өв соёлыг хадгалсан арвин баялаг хэл мөнөөс мөн юм. Монгол хүний эх хэл болох монгол хэл, монгол сонсголгүй хүний төрөлх хэл болох дохионы хэл нь ялгаагүй эрх тэгш зэрэгцэн орших эрхтэй хэл юм. Төслийн дохионы хэлний судлаачаар ажиллаж буй бидний 4 судлаачид маань монголдоо дохионы хэлийг судалж, дохионы хэлний цахим толь бичиг бүтээх ажлын суурийг эхлүүлж байгаадаа баяртай байна. Цаашид монгол дохионы хэлний судлаачид маань Финландын дохионы хэлний зөвлөхийн сургалтаас олон чухал мэдлэг туршлага хуримтлуулж монгол дохионы хэлний судалгаа, хэл шинжлэлийн ажилд хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

М.Ганбаатар (Монгол дохионы хэлний ажилтан) Баянхонгор аймгийн сонсголгүй иргэдэд монгол дохионы хэлний мэдээлэл түгээх, судалгаа хийх ажлын үеэр. 2022 оны 10-р сарын 5-ны өдөр.

 

Монгол хэлний үгийг дохиожуулах явцад нэг үгэнд нэг дохио илэрдэг байсан бол энэхүү судалгааны арга зүйгээр монгол дохионы хэлээ таван бүрдүүлбэрийн дагуу судлахад нэг монгол үгэнд хэд хэдэн хэлбэрээр дохигдох хувилбар бүхий монгол дохио илэрдэг. Дохионы хэл нь бусад хэлний нэгэн адил хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг хэл учир дохионы хэлийг судлах судалгааны ажил дуусахгүй үргэлжилсээр байна. Энэхүү төслийн ажил маань тодорхой хугацаатай хэдий ч монгол дохионы хэлний судалгааны ажлыг тасралтгүй үргэлжлүүлж, монгол дохионы хэлээ баримтжуулж хөгжүүлсээр байх нэн чухал байна.  

Судлагдсан монгол дохионы хэлийг хэлэлцэж шийдвэрлэх сонсголгүй иргэдийн төлөөлөл бүхий сайн дурын ажлын хэсэг болон дохиог үгжүүлэх хэлмэрчдийн багтай хамтран ажилласны үр дүнд миний монгол хэлний ойлголт, үгийн баялаг ч мөн нэмэгдэж байна.  Монгол улсын төр засаг, нийт иргэд, тэр дундаа сонсголгүй иргэдийн гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон, сонсголгүй хүүхдийн багш сурган хүмүүжүүлэгчид нь монгол дохионы хэлийг хүлээн зөвшөөрч, тэдэнтэй харилцах, сурч боловсрох, хөгжих боломж бий болгох үүрэгтэй юм. Манай төслөөс гарах дохионы хэлний цахим толь бичиг нь нийгмийн бүх хүмүүст хүртээмжтэй байхаар боловсруулагдан гарах ба монгол дохионы хэлээс суралцах хүсэлтэй хүмүүс сурах боломж нээгдэж байгаагаараа онцлог юм.

Зураг: ОУ-ын сонсголгүй иргэдийн эрхийн өдрөөр ХНХЯ-ны сайдтай хийсэн “Өглөөний цай” уулзалтын үеэр, зүүн талаас М.Ганбаатар (Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх төслийн Монгол дохионы хэлний ажилтан), Эрт оролцооны цогц хөгжил ТББ-ын тэргүүн Н.Дэлгэрмаа, 2021 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр. ХНХЯ.