Монгол дохионы хэлний ажилтан: П.ГАНХУЯАГ

“МОНГОЛЫН СОНСГОЛГҮЙ ИРГЭДИЙН ХЭЛНИЙ АДИЛСЛЫГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСӨЛ

Пүрэвдагва овогтой Ганхуяг 37 настай, эхнэр, 3 охин, хүүгийн хамт амьдардаг. Тэрээр Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн салбар сургууль болох Үйлдвэрлэл Технологийн Дээд Сургуулийн хэвлэлийн график дизайны мэргэжлээр төгссөн.

П.Ганхуяг 2016 оноос Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны Дархан-Уул салбарын захирлаар ажиллахдаа орон нутгийн төрийн албан хаагчид, сурган хүмүүжүүлэгч багш нарт болон оюутнуудад дохионы хэлний сургалт явуулахаас гадна дохионы хэлний анхан шатны сургалт болон дохионы хэлний хэлмэрч бэлтгэх чиглэлээр сургалтуудыг зохион байгуулж байв. Тухайн үед мөн эдүгээ ч  Монголын их дээд сургуулиудад монгол дохионы хэлний талаарх ойлголт мэдлэг олгох хөтөлбөр байхгүй.

Тэрээр 2017 оноос “Сонсголгүйн боловсрол” төрийн бус байгууллагатай хамтран монгол дохионы хэлний хөтөлбөр боловсруулахдаа цахимаар Америк дохионы хэлний сургалт арга зүй, дохионы хэлний дүрмийг судалсан.  Уг хоёр дохионы хэлний ерөнхий байдал болон бүтэц нь ялангуяа дохио бүр таван бүрдүүлбэртэй байдгаар ойролцоо байсныг олж мэдсэн.

Тэрээр “Тэгш тусгал” ТББ-ын “Монголын сонсголгүй иргэдийн дохионы хэлний адилслыг бэхжүүлэх нь” төсөлд 2021 оноос эхлэн монгол дохионы хэлний судлаачаар шалгаран тэнцэж судлаачаар ажиллаж байгаадаа баяртай байдгаа илэрхийлдэг.

Тус төслийн Дохионы хэлний Финланд зөвлөх мэргэжилтнүүд Косова, Албани, Малави улсын дохионы хэлний судалгааны арга туршлагаар дохионы хэлний судалгааны ажилтнуудад зөвлөдөг бөгөөд хөдөө орон нутгийн сонсголгүй иргэдийн өдөр тутмын харилцаандаа ашигладаг дохионы дүрс бичлэгийг судлах явцад Монгол дохионы хэл нь өөрийн гэсэн дүрэм, өгүүлбэр зүйн бүтэцтэйг ажигласнаа тэр дурдаад “Би өөрийн үндэсний соёл сэтгэлгээ шингэсэн, бие даасан хэл болох монгол дохионы хэлээрээ бахархдаг” гэсэн.

Монгол дохионы хэлний хэл шинжлэлийн энэхүү судалгаа нь монгол улсад анх хийгдэж буй бөгөөд монгол дохионы хэлний видео санг бүрдүүлж, задлан шинжилсэн дохио бүрийг хөдөө орон нутгийн төлөөлөл бүхий монгол дохионы хэлний ажлын хэсгээр хэлэлцүүлсний эцэст монгол дохионы хэлний мэргэжлийн хэлмэрч, монгол хэлний мэргэжилтнүүд үгжүүлдэг. Энэ үйл явц нь баримтад тулгуурлан хийгдсэн бодитой үр дүн бүхий судалгааны ажил мөн тэрээр дохионы хэлний судалгааны туршлага хуримтлуулан хөгжиж байгаадаа баяртай буйгаа П.Ганхуяг илэрхийлээд “Амжилттай хэрэгжиж буй уг төслийг санхүүжүүлсэн Финланд улсын засгийн газар Гадаад Хэргийн Яам болон Финландын ФЛОМ байгууллага, тус улсын ард түмэнд монголын сонсголгүй иргэдийн өмнөөс ч чин сэтгэлийн гүн талархал илэрхийлж байна” гэлээ.