Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт буюу хоёр улсын хилийн зурваст байрлах “Андын илч” нэртэй нүүрсний уурхай Хятадуудын эзэмшилд хууль бусаар шилжин очсон байж болзошгүй ноцтой баримтыг дэлгэж байна. 

Тодруулбал, тус нүүрсний уурхай БНХАУ-ын иргэн Eerduntaogetoa буюу Эрдэнэтогтох, Шэн Вэн Донг, Жан Чуан нарын эзэмшилд шилжин очиход Улсын Бүртгэлийн Ерөнхий газар хүчинтэй бичиг баримтыг хүчингүй болсон мэтээр хуурамч бичиг баримт, тамга тэмдэг шинээр гаргаж өгч тусалсан бол, нэр бүхий УИХ-ын гишүүн хөшигний ардаас улс төрийн нөлөөгөөрөө үйлчилж оролцжээ.

Хамгийн ноцтой нь, өөрсдийгөө “эрүүгийн ертөнцийнхөн” хэмээн нэрлэдэг хэсэг бүлэг Монголчууд дээрх нэр бүхий хятад иргэдээс санхүүжилт авч “Андын илч” компанийн уурхайн хуучин удирдлагуудыг удаа дараагийн үйлдлээр айлган сүрдүүлсэн гэх асуудал юм.

Ингэхдээ энэхүү бүлэг залуус хамгийн сүүлд буюу 2023 оны гуравдугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын иргэн Шэн Вэн Донг, Жан Чуан тэргүүтэй хятад иргэдийн захиалгаар тус нүүрсний уурхайд зэвсэг агсан очихдоо компанийн ажилчид болон уурхайн хууль ёсны хөрөнгө оруулагч Монгол иргэдийг айлган сүрдүүлж уурхайн бүсээс хөөж явуулсан гэх мэдээлэл юм.